Омогшин асах гал хайранд чинь
Оньсого шиг нэгэн хар унагаж
Олон хоног өөрийгөө цагаатгаж явах сайхан
Халдаахгүй нүдийг минь хоргоож
Хараацай шиг харцаараа намайгаа ээрч
Уурлаж ч чадахгүй, инээж ч чадахгүй
Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхан
Нүд чинь гурвалжлан
Нүгэл хэрчих хутга шиг гялалзан
Ирж яваа нулимс дуунд нь шүүдэрлээд
Ингэнэ гэж санаагүй ээ гэж бодлоо тэслэх чинь сайхан
Учир бүхнийг тайлсан хойно
Удаан юунд намайг зовоовдоо гэж
Халуу төөнүүлэн энгэр налж
Хацар дээгүүрээ нулимсаа дэгдүүлэн тайтгарах чинь бүр сайхан
Хардах тоолонд чинь би чинийх гэдгээ мэдэрдгийм
Хичнээн их хайраар, хэнд ч өгөхгүй гэдгийг чинь ухаардгийм
Үг унасан худлаад битгий хэл үхлээс бусдад намайгаа өгөхгүй чамдаа
Үе үехэн, хааяа хааяахан хардуулах сайхан