2012-8-25
МЭРГЭН ЗҮҮД

 Гэрлэх зараар минь нэг бүсгүй утастлаа. “Хоолны газарт уулзъя” гэж байна. Тэгж ч чамд холгуулахгүй шүү гэж зөрүүдэллээ.

 Өлсөөд байгаа бол манайд ирээд хонины чанасан толгой мөлжиг гэж бодов. Удсан ч үгүй бас нэг бүсгүй ярьж байна. Нэг өндөр байшингийн оройд байдаг ресторанд уулзмаар байна гэсэн болзол тавьж, ширээгээ захиалчихсан шүү гэж сандаргав. Дуртай юм бол манай дээврийн унтлагын өрөөнд уулзана биз дээ. Манай байшин хоёр давхар шүү гэж би бухимдлаа. Өнөөдөр миний хувьд утасны дуудлага тасрахгүй өдөр байв. Нэг бүсгүй амралтын газарт өрөө захиалчихсан, чам руу такси явуулчих уу гэлээ. Больж үхье бүсгүй минь, би янхан захиалаагүй гээд утсаа шидлээ. Дараа нь нэг бүсгүй наалинхай дуугаар “Чамтай өнөөдөр л уулзмаар байна. Надад жаахан санхүүгийн тусламж хэрэгтэй байна. Би чамд төгс үйлчилнэ шүү” гэв. Эхнэр хайж зар тавьсан болохоос эм хүйстэн хүсээгүй шүү дээ. “Ичээч, өнөө, маргаашийн зугаа биш би амьдралын ханиа хайж байна” гэж хариуллаа. Тэгсэн өөдөөс “Чиний мөнгө дуусдаггүй юм бол би чамд мөнх үйлчилнэ шүү. Би дээд зэргийнх “ гэж өөрийгөө үнэлэв.Зар гэдэг чинь одоо самуун бүсгүйчүүдийг уруу татах үйлчилгээ юү, эсвэл ходоод нь хорчигносон юмнуудыг хооллож ундлах урилга уу? Тэгж та нарыг дураар нь тавихгүй дээ. Та нар намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Муу ч гэсэн компанийн захирал, дэлгүүрийн эзэн хүн байна. Дуртай болгонд ходруулаад явдаг нуух нь унжсан юм би биш гэж өөртөө омгорхов. Олон ч бүсгүй надтай холбогдов. Баар цэнгээний газарт, зочид буудалд уулзахыг урьсан урилга заллагад дарагдлаа. Хамгийн сүүлд нэг бүсгүй утасдсан нь харин миний хайж байгаа хүн шиг дуугарав. Дуу нь нэг тийм энхрийхэн хэрнээ итгэлтэй сонсогдов. Тантай маш хурдан уулзах хэрэгтэй байна. Маш чухал юм хэлэх гэсэн юм. Та хаана уулзахаа хэл. Би тэнд хүлээгээд сууж байя гэлээ. “Сүхбаатарын талбай дээр”...Зангиагаа хам хум зүүгээд машиндаа суулаа... Замдаа би түүнд зүсэн зүйлийн баг өмсгөн хорвоогийн сайхан хүүхнүүдтэй зүйрлэж бодсоор очтол майга хөлтэй, улаан хацартай бүсгүй малийтал инээгээд сууж байсан гээд бод доо. Талбай дээр жагсаал хийж байгаа хүмүүсээс ичихдээ эргээд гүйсэнгүй.

-Сайн байна уу, намайг их хүлээв үү гэж донгиотлоо.

-Сайн сайн. Та сайхан хаваржиж байна уу?

Өө энэ чинь хөдөөнийх юм байна шүү дээ гэж дотроо дургүйлхэн бодсоноо нууж ядан -Та надтай танилцах хэрэг байна уу? Би муугаа мэдэхгүй их зантай хүн шүү дээ. Танилцах гэж ирсэн сэтгэлийг тань бодож, тав гурван үг сольдог юм бил үү гэж таахалзлаа.

-Өөрөө л мэд. Би харцнаас тань намайг голж байгааг мэдэрч байна. Танд таарахгүй навсайсан амьтан гэдгээ би мэдэж байна. Гэхдээ би танд нэг зөвлөгөө өгье. Та бид хоёр танилцлаа гээд гэрлэчих биш дээ. Хамтран ажиллаж болохгүй гэж үү. Танд гэж хэлэхэд танилцах зарынхаа дор яагаад компанийн захирал гэж худлаа бичсэн юм бэ?

-Далдыг мэддэг хүн үү та, хэн байсан ч танд ямар хүртээлтэй юм бэ?

-Хүртээлгүй нь хүртээлгүй л дээ. Та үнэн бөгөөд итгэл төгс хэллээ. Харин би таны зарыг үзээд өөрийнхөө далд авьяасыг сорихоор шийдсэн юм. Нэгд та худлаа хэлсэндээ бантаж байна. Нүүрээ хар даа. Час улаан...Харин та барилгын бараа зардаг нэг дэлгүүртэй юм байна. Тэндээ өглөөнөөс орой болтол үүрэглэж суудаг. Хоёрт, та өрөнд орсон хүн юм...

-Өр өө?

-Тийм, та нэлээд хэмжээний өрөнд орж. Танд би тодорхой хэлж өгье л дөө. Та банкнаас зээл аваад Хятадаас барилгын материал оруулж ирж. Гэтэл таны худалдсан чанаргүй будагнаас болж, ашиглалтад орох ёстой гурван байр дампуурлын ирмэгт тулжээ. Бүх будгийг хусаж, дахин будахгүй бол хоёр өдрийн дараа цагдаа таныг дуудах юм байна...

-Хоёулаа олны хөлнөөс жаахан зайдуу газар очих уу. Тэр харагдаж байгаа ресторанд ч юм уу?...

-Та өөрөө л мэд. Зам зуур нөгөө бүсгүй миний ирээдүйг алган дээрээ тавьсан мэт зөөлөн дуугаар үргэлжлүүлэн ярина.

-Танд их төлбөр гарах юм байна. Та түүнийгээ төлж чадалгүй баахан муу явдалтай учрах нь дээ

-Тэр ч нэг тийм юм болсон шүү, гэхдээ мултрах ямар арга байна вэ. Хэлж тус болохсон болов уу?

-Арга зам бий. Үүнийг л зааж өгөх гэж би тантай уулзсан учиртай.

-Та юу уух вэ?

-Зүгээр дээ, би юм уумааргүй байна

-Ундаа болох уу?

-Өөрөө л мэд

-Би таны бодсон шиг хөдөөний бүсгүй. Долоо хоногийн говь нутагтаа тэмээгээ хариулж явсан. Манай нутагт Зост гэж нэг уул байдаг юм. Түүгээр явсан малын хөл, сүүл нилдээ будаг болчихдог. Тэгэхдээ нэг газарт нь цагаан, нөгөө газарт улаан, хөх гээд төрөл бүрийн будгийн өнгөтэй шороотой. Би тэр шороог устай хольж будаг хийж үзсэн. Өөр ямар нэгэн бодистой холивол маш сайхан будаг гармаар санагддаг л даа. Тэгээд үүнийгээ хэрэгжүүлэх зорилготой хотод иртэл санамсаргүй таны зарыг олж үзлээ. Би төрөлхийн далдыг хардаг авьяастай. Компанийн захирал, барилгын дэлгүүрийн эзэн гэж бичсэнийг үзтэл таны нүүр царай, аж амьдрал бүх юм нүдэнд харагдсан. Тэгээд танд тусалбал, та ч надад туслах юм байна гэдгийг харсан. Танд маш том агуулах байна. Та тэнд будгийн цех нээ.

-Үйлдвэрлэлийн хэрэгсэл, мөн будагтай холих бодисоо яах вэ?

-Түүнд бүү санаа зов. Цагдаа дуудахаас өмнө амжиж, урагшаа явж та банкинд байгаа мөнгөөрөө хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авчир. Би нутгаасаа будагтай шороо зөөж авчирна. Эхний удаа том даацын ачааны тэрэг хөлсөлнө. Яваандаа юм юмтай болно. Та яаравчлах хэрэгтэй. Будаг худалдсан барилгын компанид эхний ээлжинд үнэгүй будаг өгч өрнөөсөө сал. Дараагийн ээлжинд үйлдвэрлэлээ өргөтгөж, барилгын компаниудад өөрийн үйлдвэрлэсэн будгийг зээлээр өгөөд үз. Сарын дараа таны будаг барилгын бүх компанийн эрэлт, нийлүүлэлтийг хангана.

-Та будаг хийх шороогоо үзүүлээч. Бүсгүй цүнхэн дотроос жижиг шилэнд өнгө өнгөөр савласан будагтай шороогоо харуулав. Би хуруугаа норгон шороог имэрч үзлээ. Юу вэ, найруулах бодисыг нь олчихвол Германыхаас илүү гоё будаг гарах нь ээ... Сүхбаатарын талбай руу явж байхдаа зам бөглөрөөд би машин дотроо түр унтаж орхижээ. Сэрэнгүүт саяны зүүдээ санан, өөрт минь ямар аюул, эсвэл алсдаа ямар амжилт байгааг эргэцүүлэв. Би тэссэнгүй машинаа нэг газарт тавьж орхиод явган гүйсээр Сүхбаатарын талбайд очив. Хөшөөний дэргэдэх чулуун сандал дээр үнэхээр улаан хацартай хөдөөний байрын бүсгүй намайг итгэл даасан хонин бор нүдээр эгцлэн ширтэнэ. Тэр намайг “таньжээ”. Түүний гарт эмэгтэй хүний ширэн цүнх байв. Тэр цүнхэн дотор “ирээдүй” минь байгаа гэж өөрийн эрхгүй бодогдлоо...


Бичсэн: Ирмүүн | цаг: 03:13 PM | Үзэгэн чимээ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant